Сургуулийн танилцуулга

Өрхөө татаж үүдээ нээсэн нь буюу Эрдэнэтэд анхны сургууль байгуулагдсан нь: 

/1974 - 1975 /
1960-аад оны эхэн үеэс Эрдэнэтийн овооны зэсийн илрэлийг судлах ажил эхэлж, үргэлжлэн явагдсаар 1973 оны 11-р сарын 22-ны өдөр Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрыг түшиглэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт бүрэн эрхэт төлөөлөгчид гарын үсэг зурсанаар “Эрдэнэт” гэсэн нэр төрийн дансанд бичигдэж, хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах ажил эхэлсэн байна.
            “Эрдэнэт” хэмээх томоохон барилга байгууламж нь уулын баяжуулах үйлдвэр /комбинат/,барилгын үйлдвэрийн бааз, хот гэсэн гурван хэсгээс бүрдэж байсан бөгөөд  1974-1978 он бол УБҮ-ийн эхний ээлжийг ашиглалтад өгөхөд бэлтгэх үе байв. Эрдэнэтийн овоо, Эрдэнэт гэсэн үг эх орны дотоодод төдийгүй хилийн чанадад ч сонсогдох болов.
            Чухамхүү ийм үед 1970-аад оны залуучууд эх орны нйман зовхис, дөрвөн зүгээс нам эвлэлийн илгээлт, зохион байгуулалттай элсэлт, томилолтоор Эрдэнэтийн овоог зүглэн ирж залуу насны эрч хүч, ид хавыг  гайхуулан  урам зоригтой ажиллаж эхэлжээ. Энэ байдлаас шалтгаалан 1974 оны 7-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 207-р зарлиг гарч Булган аймгийн нутаг дэвсгэрийн нэгж “Эрдэнэт хороо” анх байгуулагдав. Энэ үед Эрдэнэтэд зөвлөлтийн үйлдвэрийн барилга мантожийн /угсралтын/ контор, Эрдэнэтийн барилгын удирдах газраас гадна Булган аймгийн харъяа Эрдэнэт хорооны АДХ-ын  Гүйцэтгэх Захиргаа, Худалдаа бэлтгэлийн анги, Цагдаагийн хэсэг, Ус цаг уурын станц, Холбооны салбар, Хүн эмнэлэг гэсэн цөөн хэдэн байгууллага байгуулагдан ажиллаж байсны нэг нь 8 жилийн дунд сургууль байсан юм.
           
            Сургуулийн анхны  барилга Говилд баригдаж 1974 оны 8-р сарын сүүлээр ашиглалтанд орсон бөгөөд  Булган аймгийн АБХ-ийн дарга З.Даваадоржийн 1974 оны 7-р сарын 18-ны өдрийн 123 тоот тушаалаар           сургуулийн анхны захирлаар С.Цэндсүрэн, хичээлийн эрхлэгчээр Д.Жамбал нар томилогдон ажиллажээ.
            Тус сургууль 1974 оны 09-р сарын 1-ны байдлаар 14 багш, 6 ажилчин, 10 бүлэгт 219 сурагч суралцаж байсан бол хичээлийн жилийн эцэст 16 багш, 7 ажилчин, 10 бүлэгт 345 сурагчидтай болсон байна.
 Багш нарын бүрэлдэхүүнийг авч үзвэл  дээд мэргэжилтэй 7, дунд мэргэжилтэй 8, курсын 1, эмэгтэй 7, эрэгтэй 9, 1-5 жил ажилласан 3, 6-10 жил ажилласан 7, 11-15 жил ажилласан 2, дунд ангид 12, бага ангид 4 багш ажиллаж байсан байна. Булган аймгийн АБХ-ийн даргын 1974 оны 07-р сарын 16-ны өдрийн 122 тоот тушаалаар дунд ангийн багш Б.Хурган /түүх/, Д.Нямхүү /газарзүй/, Б.Жүгдэр /математик/, Ц.Галсанжамц /хими-биологи/, Б.Зундуйжамц /зураг хөдөлмөр/, Д. Цэнд-аюуш /МХУЗ/, М.Дэмбэрэл /биеийн тамир/, Н.Могшоо /дуу хөгжим/, Лида Долгая /орос хэл/, Ч.Бямбасүрэн /пионерийн удирдагч/, бага ангийн багшаар Д.Бадарч, С.Ичинхорлоо, Л.Пүрэвжав, Ж.Даваасүрэн Д.Нямхүү нар. хожим 1975 оны 4, 5-р сард  Г.Сэсмаа /МХУЗ/, С.Бямбаа /бага/ нар томилогдсон  байна.
            Тэр үед Д. Бадарч 1а, С.Ичинхорлоо 1б, Л.Пүрэвжав 2а, Ж.Даваасүрэн 3а, Н.Могшоо 4а, Д.Нямхүү 4б, Б.Хурган 5а, Б.Зундуйжамц 6а, Ц.Галсанжамц 7а, М.Дэмбэрэл 8а ангийг тус тус дааж төгсгөжээ.

No comments:

Post a Comment